Blueberries in palm

Инновацын төлөөх түншлэл

Ухаалаг түншлэл

Бид аливаа шинэ санал, санаачилгыг ямагт нээлттэй хүлээн авдаг. Ингэхдээ үйл ажиллагаа явуулж буй улсынхаа Засгийн газар, иргэдэд тогтвортой үнэ цэн бүтээж өгөх, олон улсын зах зээлд эрэлт хэрэгцээтэй ашигт малтмалыг байгальд ээлтэй аргаар тогтвортой ханган нийлүүлэх тэргүүн туршлагыг тогтмол эрэлхийлдэг. Мөн уул уурхайн төслүүдээс бий болох үнэ цэнийг илүү оновчтой хуваарилах, хөрөнгө оруулагчийн өгөөжийг өсгөхөд анхаардаг.

Үүний тулд Засгийн газрууд, орон нутгийн төлөөлөл, ханган нийлүүлэгчид, тэргүүлэх үйлдвэрлэгчид, технологийн түншүүд болон төрийн бус байгууллагуудтай инновацын чиглэлээр хамтран ажиллаж байна.

2018 онд бид Эйпл (Apple) компани, Канадын үндэсний болон Квебек мужийн Засгийн газрын дэмжлэг дор Алкоа (Alcoa) компанитай хамтран салбартаа анхдагч Элисис (Elysis) төслийг хэрэгжүүлэх болсноо зарласан. Энэхүү хамтарсан компани маань хүлэмжийн хий биш цэвэр хүчилтөрөгч шууд ялгаруулдаг хөнгөн цагаан хайлуулах цоо шинэ технологи хөгжүүлж байна. Энэ технологийг шинээр баригдах болон одоо ажиллаж байгаа хайлуулах үйлдвэрүүдэд тусгай зөвшөөрөлтэйгөөр нэвтрүүлэх бөгөөд 2024 онд арилжаанд гаргахаар төлөвлөж байна.

Бид Хөнгөн цагааны хариуцлагатай үйлдвэрлэлийн санаачилга (ХЦХҮС) тэргүүтэй хариуцлагатай уул уурхайн санаачилга, хөтөлбөрүүдийн үүсгэн байгуулагч, идэвхтэй гишүүн төдийгүй бүтээгдэхүүнийхээ амьдралын бүтэн мөчлөгт ХЦХҮС-ын хариуцлагатай үйлдвэрлэлийн гэрчилгээ авсан цорын ганц компани юм. Бид хариуцлагатай үйлдвэрлэл, нийлүүлэлтэд анхаарснаар инновац нэвтрүүлж, гүйцэтгэлээ сайжруулдаг. Тухайлбал, манай хөнгөн цагааны групп салбартаа хамгийн бага нүүрстөрөгч ялгаруулдаг компаниудын нэг. Бид РеньюAл (RenewAl)тм брэндийн нүүрстөрөгчийн ялгаралт багатай хөнгөн цагаан үйлдвэрлэж байна.

2020 онд манай АНУ-ын Юта муж дахь Кеннекотт зэсийн уурхай, Монгол Улс дахь Оюу толгой уурхай хоёул зэсийн салбарын хараат бус үнэлгээний “Коппер Марк” буюу “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч” батламжийг хүртсэн дэлхийн анхны зэс үйлдвэрлэгчид болсон. “Олон улсын зэсийн холбоо”-оос харилцагчид, ТББ, зэс үйлдвэрлэгчдийн саналыг тусган санаачилж байсан “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч” батламж нь манай зэс байгаль орчин, нийгмийн тэргүүлэх стандартад нийцсэн. Түүнчлэн ил тод, хариуцлагатай ханган нийлүүлэлтийн сүлжээтэй болохыг баталгаажуулдаг юм.

Мөн бид очир эрдэнийнхээ ёс зүйтэй, найдвартай байдлыг уурхайгаас зах зээл хүртэлх бүх үе шатанд баталгаажуулах чиглэлээр олон байгууллагатай түншлэн ажилладаг. Манай бизнесийн нэр хүнд очир эрдэнийн үйлдвэрлэлд гар бие оролцсон хүн нэг бүртэй холбоотой учраас нийлүүлэлтийн хариуцлагатай сүлжээ бий болгохын тулд түншлэл бий болгох нь чухал юм. Манай компани олон улсад очир эрдэнэ үйлдвэрлэгчдийг төлөөлж буй ууган байгууллага болох Очир эрдэнэ үйлдвэрлэгчдийн холбооны (ОЭYX) үүсгэн байгуулагч гишүүдийн нэг. ОЭYX нь очир эрдэнийн салбарын хөгжлийг дэмжих, хэрэглэгчийн очир эрдэнэд итгэх итгэлийг баталгаажуулах, нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг.

Diavik rough diamonds

Мөн бид хариуцлагатай үнэт эдлэлийн зөвлөлийн (ХҮЭ3) үүсгэн байгуулагч гишүүн юм. Энэхүү байгууллага нь очир эрдэнэ, алт, цагаан алтан үнэт эдлэлийн нийлүүлэлтийн сүлжээний хүрээнд хариуцлагатай, ёс зүйтэй, нийгэм болон байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг хөхүүлэн дэмждэг. Бид Дэлхийн очир эрдэнийн зөвлөлд (ДОЭ3) идэвхтэй манлайлах үүрэг гүйцэтгэж ирсэн. Тус зөвлөл нь Кимберлий Процесс худалдааны байгууллагад очир эрдэнийн салбарыг төлөөлдөг. Хэрэглэгчдэд зориулж аливаа асуудалд холбогдоогүй цэвэр очир эрдэнийг таних баталгааны механизмыг бий болгоод байна.

2019 онд бид Хятаддаа ган үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч "Чайна Баову Стийл Групп", Хятадын хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий "Цинхуа" их сургуультай хамтран гангийн үнэ цэний сүлжээн дэх байгаль орчны нөлөөллийн үзүүлэлтийг сайжруулах судалгааг хөгжүүлэхэд хамтран ажиллаж эхлээд байна. Дэлхийн Гангийн Холбооноос мэдээлснээр дэлхийн нийт нүүрстөрөгчийн ялгаралтын 7-9 хувь нь гангийн салбараас ялгардаг. Бид гангийн салбарын нүүрстөрөгч ялгаралтын асуудлын шийдлийг олохын төлөө судалгаа, хөгжлийн хөтөлбөр, технологи, процесс, тоног төхөөрөмж, логистик, салбарын уялдаа болон бодлогын өмгөөллийн бүх хүчээ нэгтгэж ажиллах болно.

Түүнчлэн бид үйл ажиллагаагаа илүү аюулгүй, бүтээмжтэй болгох үүднээс Массачусетсийн Технологийн Институт, Сиднейн Их сургуулийн дэргэдэх “Австралийн Робот Техникийн Төв” зэрэг дэлхийн тэргүүний технологийн институттэй хамтран ажиллаж байна.

Бокситын хүдрийн хаягдлыг багасгах арга замыг эрэлхийлэн судалж байна

Бид Европын Холбооны санхүүжилттэй, их дээд сургууль, мэргэжилтнүүд, бизнесийн байгууллагуудаас бүрдсэн 37 гишүүнтэй "РэмүвАл" төслийн хүрээнд бетон, плита, тусгаарлагч гэх мэт бүтээгдэхүүнд ашиглаж болох улаан шавар гэгдэх хөнгөн цагааны хүдрийн хаягдлаас нийлмэл түүхий эд гарган авах аргыг туршиж байна. Манай Хөнгөн цагааны баг, Уурхайн хаалтын баг Европын мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлж буй энэхүү түншлэл нь бүх талуудын нийтлэг сорилт, бэрхшээлийн хамтын шийдлийн нэг жишээ юм. Энэ туршилт амжилттай болбол бокситын хүдэр боловсруулах явцад байгаль орчинд үзүүлдэг сөрөг нөлөө буурахын зэрэгцээ арилжааны үр ашиг ч нэмэгдэх боломж бүрдэнэ.

Холбоотой мэдээлэл

AutoHaul, Pilbara

Автоматжуулалт

Бид үйл ажиллагаагаа илүү бүтээмжтэй, осол аюулгүй, байгаль орчинд ээлтэй болгохын тулд дэвшилтэт технологийг нэвтрүүлж ажилладаг.
Drone

Ухаалаг уурхай

Мэдээлэл, өгөгдлийг ухаалаг задлан шинжилгээ, хиймэл оюун ухаан, компьютерын тооцоолол, автоматжуулалттай хослуулснаар манай бизнес илүү осол аюулгүй, өндөр бүтээмжтэй болж байна.